монголын зохиогчийн эрхийн хууль монголынх

ОХИОГЧИЙН ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?
Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм.  

ЯМАР БҮТЭЭЛ ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ХАМГААЛАГДДАГ ВЭ?
Дараах бүтээлүүд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн хуулиар хамгаалагддаг. Үүнд:
1.Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ (Утга зохиолын бүтээлүүдэд: тууж, роман, өгүүллэг, гар бичмэл, шүлэг, яруу найраг гэх мэт)
2.Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл (Хөгжмийн зохиолууд, дууны үг гэх мэт)
3.Дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл (уран зураг, гар зураг, сийлбэр, баримал, хэвлэмэл зураг, шог зураг, калиграф буюу цэвэр бичлэг, тайз чимэглэл, гар урлалын бүтээлүүд гэх мэт)
4.Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл
5. Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга (уран барилгын зохиомж, барилга байгууламж гэх мэт)
6. Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим (бүжиг дэглэлт /балет буюу орчин үеийн бүжиг, пантомимо/)
7. Жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл
8. Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл
9. Дуу авиа бүхий дүрст бүтээл (уран сайхны баримтат, сургалтын, хүүхэлдэйн кино гэх мэт)
10. Үүсмэл бүтээл (өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хүч хөдөлмөрөөр засварлах, найруулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болох бусад хэлбэрээр өөрчилж шинээр бий болгосон бүтээл)
11.Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөринй бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд

ЯМАР БҮТЭЭЛ ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР ҮЛ ХАМГААЛАГДАХ ВЭ?

Албан ёсны баримт бичиг
Албан ёсны баримт бичиг гэдэгт Монгол улсын зохиогчийн эрхийн хууль тогтоомжоор хууль тогтоомж, эрх зүйн акт, захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг, шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг, өмнө дурдсан баримт бичгийн орчуулгууд хамаарна.

Ардын урлагийн бүтээл
Ардын урлагийн бүтээлийн зохиогчид тодорхой бус байдагтай холбогдон тэдгээрийн эд хөрөнгийн бус хувийн эрхийг хангах боломжгүй бөгөөд ардын урлагийн бүтээлийг мөнхийн хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч, тэдгээрийн хувьд онцгой эрх үйлчлэх хязгаарлалтын хугацаа өнгөрсөн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан ардын урлагийн бүтээлийг өмнөх үеийнхний нийгмийн ололт хэмээн үзэж бүтээлийн утга санаа, зориулалтыг гажуудуулахгүйгээр аливаа этгээд ашиглах боломжтой байдаг.

Төрийн бэлгэдэл ба тэмдэг
Үүнд төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, мөнгөн ба бусад тэмдэг хамаарна.

Санаа, үзэл баримтлал, зарчим
Зохиогчийн эрхийн зүйл нь биежсэн буюу бодит хэлбэрт орсон зүйлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга эсхүл математикийн үзэл баримтлал зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй .

Үйл явдал ба үйл баримтын тухай мэдээлэл
Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй.


ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭДЛЭХ ЭТГЭЭД?
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх этгээдэд шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг бүтээгчид, тэдгээрийн эрх залгамжлагчид буюу хууль болон гэрээгээр энэхүү эрхийг олж авсан эрх эзэмшигчид буюу ажил олгогчид болон бусад этгээд хамаарагдана. Зохиогчийн эрхийн хамгийн чухал субъект бол бүтээлийн зохиогч буюу өөрөөр хэлбэл өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүн байхаас гадна мөн хуулийн этгээд байж болдог. Монгол Улсын иргэн, монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Монгол Улсад бүтээлээ анх нийтэлсэн гадаадын иргэн, монгол улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд монгол улсын иргэний нэгэн адил зохиогчийн эрх эдэлдэг.

ЗОХИОГЧ ЯМАР ЭРХ ЭДЭЛДЭГ ВЭ?
Зохиогч нь бүтээлийнхээ хувьд эдийн болон эдийн бус баялгийн эрх эдэлдэг. Зохиогчийн эд хөрөнгийн эрхэд дараах эрх хамаарагдана: 1. Бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтийн хүртээл болгох, бүтээлийг дахин боловсруулах, хөлслүүлэх (түрээсээр ашиглуулах)
Зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрхэд дараах эрх хамаарагдана: 1. Бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх, 2. Зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох, 3. Бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах, 4. Бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх нь хугацаагаар хягаарлагддаггүй, зохиогчоос салгаж огт болдоггүй, бас бусдад шилжүүлж болдоггүйгээрээ онцлогтой. Бусад этгээд юуны өмнө өв залгамжлагчдын хувьд тэдгээр нь эдийн бус баялгийн эрхийг хамгаалах эрхийг олж авдаг. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх нь хугацаагүйгээр хамгаалагдана.  

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА?
Зохиогчийн эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Дурдсан 50 жилийн хугацааг зохиогчийг нас барснаас хойш дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тоолно. Үүнээс гадна зохиогч нь бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1-р сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчийн насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдна.
Зохиогчийн эрх үйлчлэх хугацаа дууссаны дараа уг бүтээлийг ард түмний баялаг гэж үздэг. Энэ төрлийн бүтээлийг аливаа этгээд зохиогчийн шагнал төлөхгүйгээр, чөлөөтэй ашиглаж болно. Ингэхдээ зохиогч мөн болох, нэрээ дурдуудах, зохиогчийн нэр хүндийг хамгаалах эрхийг сахин биелүүлэх ёстой.  

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ?
Зохиогчийн эрхийн үйлчлэх хүрээ нь бүтээлийн объектив хэлбэр ба зохиогчийн иргэний харъяаллаас шалтгаална. Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн арга түүнчлэн зохиогчийн ба тэдгээрийн эрх эзэмшигчдийн иргэний харъяаллаас үл шалтгаалан Монгол улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн объектив хэлбэрээр байгаа бүтээлд зохиогчийн эрх хамаарна.  Бусад улсын иргэдийн зохиогчийн эрхийг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу хүлээн зөвшөөрч хамгаална.


ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЭЭ?
Бусад этгээд (бүтээл ашиглагчид) зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах явдал хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд зохиогчийн гэрээнд үндэслэн хэрэгжинэ. Бүтээл ашиглах зохиогчийн эрхийн гэрээ нь бусад өөр гэрээтэй харьцуулахад хувийн болон эд хөрөнгийн эрхийн аль алиныг нь хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ нь ашиглагчдын ашиг сонирхолд нийцэж, бусад этгээдэд байхгүй бүтээлийг ашиглах талаар тодорхой эрх олж авч, үүнтэй холбогдуулан бүтээлийг хуулбарлах ба түгээх талаар гаргасан зардлаа нөхөж, ашиг олж авах боложмийг бүрдүүлдэг. Зохиогчийн гэрээг энгийн хэлбэртэй бичгийн гэрээний хэлбэрээр байгуулах ёстой бөгөөд талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлж болно. Хэвлэлийн газар гэх мэт бүтээл ашиглагч бусад байгууллагууд хуулийн хэм хэмжээг харгалзан боловсруулсан талууд бөглөж, гарын үсгээ зурах стандартын хэвлэмэл гэрээний загвартай байж болно. Тодорхой гэрээний онцлогоос шалтгаалж “онцгой нөхцөл” хэмээсэн хэсгийн тусгаж болно.

ХАМААРАХ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд “хамаарах эрх” хамаарагдах бөгөөд тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн, фонограммаа хэвлүүлсэн, дамжуулагчаас нэвтрүүлгээ дамжуулсан уран бүтээлчийн эрхийг хамаарах эрхэд багтааж үздэг. Оюуны бүтээлч шинж бүхий уран бүтээлчийн үйл ажиллагаанаас дуу бичлэг бүтээгч, эфирийн ба кабелийн нэвтрүүлгийн байгууллага нь техникийн шинжтэй үйл ажиллагаа явуулдагаараа ялгаатай байдаг. Одоогийн дагаж мөрдөж байгаа “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн тухай Монгол улсын хуулинд зааснаар уран бүтээлчийн хамаарах эрхийг дараах тохиололд хүлээн зөвшөөрөхөөр заасан байдаг:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч;
  • Монгол улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;
  • Монгол улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;
  • Монгол улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.

Хамаарах эрхийн хамгаалалтын хугацаа нь тоглолт болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жил, фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил, радио, телевизийн байгууллагын хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийн анх нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-ээс эхлэн 50 жил тус тус байхаар заасан байдаг.

ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА?
Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчидтэй гэрээ байгуулах
  • Бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй шагналын хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, шагнал авах
  • Авсан шагналыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох
  • Гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу ОӨГ-т санал тавьж шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.

Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь    үүрэг хүлээхээр ”Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” Монгол улсын хуулийн 29 дүгээр зүйлд заасан: 1) зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бүтээлийг ашигласантай холбоотой мэдээллийг танилцуулах; 2) лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 3) бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардалыг хасч зохиогч, эрх эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах.
Одоогийн байдлаар “Хөгжмийн зохиолч яруу найрагчдын эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг”, “Хөгжмийн зохиолч яруу найрагчдын эрхийг хамгаалах төв холбоо”, “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” зэрэг ХУБ Оюуны өмчийн газартай албан ёсоор гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. 

ГАДААДЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН БҮТЭЭЛИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАДАГ ВЭ?
Монгол улс Оюуны өмчийн салбарт нийтдээ 14 гэрээ конвенцид нэгдэн орсон байдгаас Зохиогчийн эрхийн салбарт 4 конвенцид нэгдэн орсон байна. Эдгээр гэрээ, конвенцуудад Монгол улс нэгдэн орсноор гэрээнд нэгдэн орсон бусад улсуудын зохиогчийн эрхийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр хамгаалах үүрэг хүлээхээс гадна өөрийн орны зохиогчдын бүтээлийг гишүүн бусад оронд хамгаалах боломжийг давхар эдэлдэг. Дараах зохиогчийн эрхийн гэрээнүүдэд Монгол улс албан ёсоор нэгдэн орсон байна.
1.Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц
2.Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын гэрээ
3.Тоглолт гүйцэтгэгч, Фонограмм бүтээгчдийн эрхийг хамгаалах ДОӨБ-ын гэрээ
4.Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай TRIPS-ын хэлэлцээр   

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
Зохиогчийн эрхийн асуудлаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн гүйцэтгэдэг бөгөөд эдгээр чиг үүргийн нэг нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагаа юм. 

Хэрэв та бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлэн Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтэст хандана уу.

  • Өргөдөл
  • Бүтээлийн танилцуулга (Бүтээлийн гол агуулга, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ.)
  • Эх бүтээл (Оюуны өмчийн газрын фондонд 2 хувь ном өгнө)
  • Иргэний үнэмлэх/ Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
  • Тодорхойлолт (Бүтээлийг гэрээний дагуу туурвисан, захиалгаар туурвисан, ажил үүргийн дагуу туурвисан бол гэрээ болон бусад холбогдох баримтыг үндэслэн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ)
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт

Сүүлд шинэчлэгдсэн ( Мягмар, 2009 оны 05 сарын 05 )

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ  /Шинэчилсэн найруулга/ 

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон  харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж
2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Иргэний хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн  бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг;
3.1.2." эрх эзэмшигч" гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.3."уран бүтээлч" гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог  хувь хүнийг;
3.1.4."ардын урлагийн бүтээл" гэж ард түмний дунд аливаа хэлбэрээр уламжлагдан дамжиж ирсэн, зохиогч нь тодорхойгүй уламжлалт утга зохиол, урлагийн бүтээлийг;
3.1.5."фонограмм" гэж кино урлагийн, эсхүл дуу авиан дүрст  бүтээлд оруулснаас өөр  аливаа тоглолтын болон бусад дуу авиа, түүний илэрхийллийн бичлэгийг;
3.1.6."бүтээлийг хуулбарлах" гэж бүтээл,  бүтээлийн  хэсэг, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг   нэг  буюу  түүнээс  дээш тоогоор шууд буюу шууд бусаар,  аливаа арга, хэлбэрээр  олшруулахыг;
3.1.7."нийтлэх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр,  олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр  олшруулж, нийтийн хүртээл болгохыг;
3.1.8.“нийтэд түгээх" гэж бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг хэрэглэгч өөрийн сонгосон цаг, газраас хүртэх боломжтой байдлаар  утсан болон утасгүй холбоогоор нийтэд тараахыг;
  3.1.9. "үүсмэл бүтээл" гэж  өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хөдөлмөрөөр засварлах, найруулах, орчуулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж,  шинээр бий болгосон бүтээлийг;
3.1.10."хавсарга урлагийн бүтээл" гэж гар урлал болон үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн ахуйн хэрэглээний урлагийн бүтээлийг;
3.1.11."зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл" гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт,  дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг;
3.1.12."фонограмм бүтээгч" гэж тоглолтын буюу бусад дуу авианы, эсхүл тэдгээрийн илэрхийллийн анхны бичлэгийг санаачлан хийсэн, бичлэгийн тухайд хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.13."дуу авиа бүхий дүрст бүтээл"  гэж ямар материаллаг хэлбэрт оруулснаас үл шалтгаалан, техник хэрэгсэл ашиглан бүтээсэн дүрсийг дуу авианы хамт үзүүлэх боломжтой бүтээлийг;
3.1.14.“эрх эзэмшигчийн таних тэмдэг” гэж бүтээл, зохиогч, эрх эзэмшигч, тухайн бүтээлийг  ашиглах нөхцөлийн талаар бүтээлд агуулагдсан, эсхүл бүтээлийг нийтэд түгээхтэй холбогдуулан тэмдэглэгдсэн  мэдээлэл, эдгээр мэдээллийн тоон болон кодон илэрхийллийг.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Зохиогч, зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл

4 дүгээр зүйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд
  4.1.Зохиогчийн эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
4.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл  туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
4.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн;
4.1.3.уран баримал, уран барилга, архитектур, хот байгуулалтын бүтээл болон  барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох  дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч;
4.1.4.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд;
4.1.5.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
4.2. Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтэлсэнтэй адилтгаж үзнэ.
4.3.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд эдэлнэ.

5 дугаар зүйл. Хамтарсан зохиогч
5.1.Нэг зорилготойгоор хамтын  бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэнэ.
5.2.Хамтарсан зохиогч бүхий  бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид хамтран эдэлнэ.  

6 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн бүтээл /объект/
6.1. Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол,  илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий  болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно.
6.2. Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтлэгдсэн эсэхээс үл шалтгаалан бичмэл, аман, зурмал болон бусад биет хэлбэрээр бүтээсэн байна.

7 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр хамгаалах  бүтээл
7.1.Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална:
7.1.1.шинжлэх ухаан, утга  зохиолын  бичмэл  буюу  аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;
7.1.2. хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;
7.1.3. дүрслэх урлагийн  бүх төрлийн бүтээл;
7.1.4. чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;
7.1.5. архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;
7.1.6  бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл,  уран нугаралт, пантомим;
7.1.7. жүжиг,  хөгжимт жүжиг,  тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;
7.1.8.гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
7.1.9. дуу авиа бүхий дүрст бүтээл;
7.1.10.үүсмэл бүтээл;
7.1.11.материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;
7.1.12.ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл. 

8 дугаар зүйл. Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл
8.1. Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй:
8.1.1. хууль тогтоомж, эрх зүйн бусад акт;
8.1.2.захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг;
8.1.3.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг;
8.1.4.энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга;
8.1.5.төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг;

8.1.6.болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий  сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл; 
8.1.7. ардын урлагийн  бүтээл, үндэсний зан заншил;
8.1.8.аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрх,  түүний хугацаа

9 дүгээр  зүйл. Зохиогчийн эрх үүсэх, баталгаажих
9.1. Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж бүтээсэн үеэс үүснэ.
9.2.Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд   баталгаажуулалт шаардахгүй.                              
9.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй.
9.4.Зохиогч болохыг нотлох баримтгүй тохиолдолд эх бүтээл болон бүтээлийн хувь дээр бичигдсэн нэрийг зохиогч гэж тооцно.                                     
9.5. Зохиогч хүсвэл өөрийн бүтээл, түүнтэй холбоотой бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Оюуны өмчийн газар” гэх/-д сайн дурын үндсэн дээр бүртгүүлж  болно.
9.6. Энэ хуулийн 9.3-т заасан таних тэмдгийг дараахь байдлаар илэрхийлж болно:
9.6.1.дугуй хүрээ бүхий латин “С” үсэг;
9.6.2.бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр;
9.6.3.бүтээлийг анх нийтэлсэн он.

10 дугаар  зүйл. Зохиогчийн эдлэх эрх
10.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой  эрх эдэлнэ.

11 дүгээр зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрх
11.1.Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн дараахь эрх эдэлнэ:
11.1.1.бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр,  эсхүл нэргүйгээр нийтлэх;
11.1.2.зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх,  задруулахыг хориглох;
11.1.3.бүтээлээ  нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
11.1.4.бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.

12 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой  эрх
12.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах  онцгой эрх эдэлнэ.
12.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: 
12.2.1. бүтээлийг хуулбарлах;      
12.2.2. бүтээлийг нийтлэх;         
12.2.3. бүтээлийг нийтэд түгээх;    
12.2.4. үүсмэл бүтээл болгон өөрчлөх;                                  
12.2.5. түрээсээр ашиглуулах.          
12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ.

13 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хугацаа
13.1.Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно.    
13.2.Зохиогчийн бүтээл ашиглах  онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш  50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.3.Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.
13.4.Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
13.5.Энэ хуулийн 13.4-т заасан бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацааг энэ хуулийн 13.2-т зааснаар   тооцно. 
13.6.Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон  сүүлчийн  зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн  50  жилийн  хугацаанд  хамгаалагдана.

14 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийг өвлөх
14.1.Зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана.
14.2.Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.


ДӨРӨВДҮГЭЭР  БҮЛЭГ
Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог
15 дугаар зүйл.  Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх
15.1.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна.
15.2.Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан  өөр зохиогч өөр  үүсмэл бүтээл туурвихад саад болохгүй.

16 дугаар зүйл. Түүвэр зохиол, бусад  эмхтгэл бүтээлийн зохиогчийн  эрх
16.1.Эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд энэ хуулийн 12.2.4-т заасан зөвшөөрөл авна.
16.2.Эмхтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь  эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээлээ тухайн эмхтгэлээс үл хамааран  чөлөөтэй ашиглах эрхтэй.

17 дугаар зүйл. Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх
17.1.Албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх эрхтэй.                                   
17.2.Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг  гэрээнд өөрөөр заагаагүй  бол ажил олгогч эдэлж болно. 

18 дугаар зүйл. Захиалгаар бүтээл туурвих    
18.1.Захиалгаар туурвих  бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл  туурвиж  захиалагчид  хүлээлгэн  өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй.
18.2.Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг  гэрээнд заасан этгээд эдэлнэ.     


ТАВДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн хамгаалалт
19 дугаар зүйл. Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг эдлэх этгээд.
19.1.Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг энэ хуулийн дагуу дараахь этгээд эдэлнэ:
19.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч;
19.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд  түүнийг бүтээгч;
19.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;
19.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
19.2.Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч энэ бүлэгт заасан эрхийг эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр эдэлнэ.
19.3.Зохиогчийн эрхэд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд  баталгаажуулалт  шаардахгүй.

20 дугаар зүйл. Уран бүтээлчийн эрх
20.1. Уран бүтээлч нь өөрийн тоглолт, уран бүтээлийн хувьд дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:
20.1.1.тоглолт нь өмнө нэвтрүүлснээс бусад өөрийн бичлэгт ороогүй тоглолтыг нийтэд үзүүлэх нэвтрүүлэх,  дамжуулах;
20.1.2.тоглолтонд  бичлэг хийлгэх;
20.1.3.тоглолтын дуу, дүрс бичлэгийг хуулбарлах;
20.1.4.фонограммд буулгасан тоглолтын эх хувь болон хуулбарыг худалдах, эрх шилжүүлэх замаар нийтэд түгээх;            
20.1.5.тоглолтын бичлэгийг түрээслүүлэх;           
20.1.6.онцгой эрхээ бусдад гэрээгээр шилжүүлэх.
20.2.Уран бүтээлч нь тоглолтын хувьд тоглолтын гүйцэтгэгч гэж нэрлүүлэхийг шаардах, нэр хүндэд нь хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эдийн бус баялгийн эрх эдэлнэ.
20.3.Уран бүтээлчийн тоглолтын  эрхийг хамгаалах хугацаа нь тоглолт болсон болон бичлэг хийгдсэн хугацаанаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

21 дүгээр зүйл. Фонограмм бүтээгчийн эрх
21.1.Фонограмм бүтээгч нь өөрийн фонограммтай холбогдсон дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй:
21.1.1.фонограммыг шууд буюу шууд бусаар хуулбарлах;
21.1.2.фонограммын эх хувь болон хуулбарыг худалдах эсхүл эрх  шилжүүлэх замаар нийтлэх;
21.1.3. фонограммын  эх хувь болон хуулбарыг түрээслүүлэх;
21.1.4. фонограммыг нийтэд түгээх;
21.1.5. онцгой эрхээ гэрээгээр бусдад шилжүүлэх.
21.2.Фонограмм бүтээгчийн эрхийн хамгаалалтын хугацаа  нийтэлснээс хойш, нийтлээгүй бол бичлэг анх хийсэн хугацаанаас хойш 50 жил байна.

22 дугаар зүйл. Радио, телевизийн байгууллагын эрх
22.1.Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараахь үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй:
22.1.1. нэвтрүүлгийн бичлэг хийх;
22.1.2. нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах;
22.1.3.нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах;
22.1.4. нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах.
22.2. Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийн эрхийн хамгаалалтын хугацаа уг нэвтрүүлгийг анх нэвтрүүлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах

23 дугаар зүйл. Бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх
23.1. Бүтээл ашиглах онцгой  эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно.           
23.2.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд дараахь зүйлийг  тусгаж болно:
23.2.1.бүтээлийг ашиглах арга, хэлбэр;
23.2.2.хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;
  23.2.3.бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа;
23.2.4.зохиогчийн  эрх,  үүрэг;
23.2.5.бүтээлийг ашиглах этгээдийн  эрх,  үүрэг;
23.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага;
23.2.7. маргаан шийдвэрлэх журам.               
23.3.Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно.
23.4.Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бүтээл туурвихыг хязгаарласан заалт оруулахыг хориглоно.                         
23.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас зохиогчийн эрх зөрчигдсөн бол зохиогч уг эрхээ сэргээхийг шаардах эрхтэй.

24 дүгээр зүйл. Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүд
24.1.Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай  зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь  тохиолдлыг  зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй:
24.1.1.хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах;
24.1.2. эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах;
24.1.3. архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;
24.1.4.эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус  холбоогоор мэдээлэх; 
24.1.5.хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;
24.1.6.болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлэх;
24.1.7.хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд  зориулан ашиглах;
24.1.8.амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах;
24.1.9.эрүүгийн байцаан шийтгэх, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах.
24.2.Энэ хуулийн 24.1-д заасныг тодорхойлохдоо дараахь нөхцөлийг харгалзан үзнэ:
24.2.1.ашиг олох зорилгогүй байх; 
24.2.2.бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;
24.2.3.бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө. 
24.3.Энэ хуулийн 24.1-д зааснаар бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдана.  

25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах
25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй.
25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ.
25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид шүүгч, улсын байцаагч энэ хуульд заасан хариуцлага ногдуулна.  
25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ.


ДОЛДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага

26 дугаар зүйл. Оюуны өмчийн газар
26.1.Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг  Оюуны өмчийн газар эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:
26.1.1.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
26.1.2.зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах  санал боловсруулах;
26.1.3. зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, зохиогчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд  чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
26.1.4.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хамтын удирдлагын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах,  хамтран ажиллах;
26.1.5.зохиогч  болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох,  бүртгүүлсэн  бүтээлийн сан байгуулах;
26.1.6.оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах;
26.1.7.зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
26.1.8.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах;
26.1.9.ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэд,  байгууллагуудтай хамтран ажиллах.
26.2.Оюуны өмчийн газар үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих бөгөөд үйл ажиллагааны хөлсний хэмжээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
26.3.Оюуны өмчийн улсын  хяналтын  дүрмийг  Засгийн газар батална.

27 дугаар зүйл. Хамтын удирдлагын байгууллага
27.1.Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид эрхээ хамгаалуулах зорилгоор, хамтын удирдлагын байгууллагыг байгуулан ажиллуулж болно.
27.2.Хамтын удирдлагын  байгууллагыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийн санаачлагаар байгуулна.
27.3.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн төрөл, ангиллаар дагнасан буюу хэд хэдэн төрлийг хамарсан үйл ажиллагаа явуулахаар байгуулж болно.
27.4.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа  Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж  ажиллана.

28 дугаар зүйл.  Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаа
28.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон   зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж, тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон  бүрэн эрхийн  хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна:
28.1.1.бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчтэй гэрээ байгуулах;
28.1.2.бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй  төлбөрийн хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, төлбөр авах;
28.1.3.авсан төлбөрөөс зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох;
28.1.4.гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны өмчийн газарт санал тавьж  шийдвэрлүүлэх, хуульд заасан арга хэмжээ авахуулах.

29 дүгээр зүйл. Хамтын удирдлагын байгууллагын үүрэг
29.1.Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:
29.1.1.зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашигласны шагналыг олгохдоо тухайн бүтээлийг  ашигласантай  холбогдолтой  мэдээллийг танилцуулах;
29.1.2.лицензийн дагуу хураан авсан бүтээл ашигласны төлбөрийг  зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох; 
29.1.3.бүтээл ашигласантай холбогдуулан хураан авсан төлбөрөөс үйл ажиллагааны зардлыг хасч  зохиогч, эрх  эзэмшигчдэд тогтмол хугацаанд бүтээлийн ашиглалтын хэмжээгээр хувь тэнцүүлэн хуваарилах.                      
НАЙМДУГААР БҮЛЭГ
Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчдөд хүлээлгэх  хариуцлага
30 дугаар зүйл. Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хамгаалах
30.1.Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эдийн бус баялгийн бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч, зохиогч нас барсан бол түүний өв болон эрх залгамжлагч, хууль ёсоор буюу гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй, эдгээр өвлөгчид өв залгамжлахаас татгалзсан буюу тэдгээрийн өв залгамжлах эрх хасагдсан бол Оюуны өмчийн газар нь зөрчигдсөн эрхийг зохих журмын дагуу сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

31 дүгээр зүйл. Зохиогчийн эрх ба түүнд зохиогчийн эрхэд хамаарах эрхийн тухай хууль тогтоомж                    зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
31.1.Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг шүүгч 7-14 хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, улсын байцаагч, шүүгч нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг хураан авч, хууль бусаар  олсон орлогыг улсын орлого болгох буюу зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид олгож, тухайн үйл ажиллагааг зогсооно.
31.2.Эрх эзэмшигчийн таних тэмдгийг хуурамчаар үйлдэж хэрэглэсэн, уг таних тэмдгийн хамт бичигдсэн зүйлийг өөрчилсөн, устгасан, хууль бусаар өөрчилсөн, устгасныг мэдсэн болон мэдэх боломжтой байсан ч түүнийг нэвтрүүлсэн, тараасан, тараах зорилгоор хилээр нэвтрүүлсэн, нийтэд түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос зургаа дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.
31.3.Бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
31.4.Хэрэв эрх нь зөрчигдсөн зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргавал, түүнд  зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлынх нь төлбөрт тооцож шилжүүлэн өгч болох бөгөөд хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээг шүүгч, улсын байцаагч авна.
31.5.Зохиогчийн эрх зөрчиж, зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг хуулбарлахад ашигласан техник хэрэгслийг шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хураан авч улсын орлого болгоно.

32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
32.1. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.


  МОНГОЛ УЛСЫН
  ИХ ХУРЛЫН ДАРГА     Ц.НЯМДОРЖ

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)